Хүнсний баталгаат байдлын нэгдсэн систем нэвтрүүлэх зөвлөлдөх уулзалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа АХБ-ны техник туслалцааны “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем” бий болгох төслөөс “Хүнсний баталгаат бус байдлын эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй явуулах удирдамж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсад учирч буй хүнсний баталгаат бус байдлын гол эрсдэлүүдийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Хүнсний баталгаат байдлын (I) хүнсний хангамж; (II) хүнсний хүртээмж; (III) хүнсний аюулгүй байдал; (IV) тогтвортой байдал гэсэн 4 үндсэн хэмжигдэхүүний хүрээнд тодорхойлсон юм. Мөн эрсдэлийн менежментэд оролцогч буюу дэмжлэг үзүүлэгч гол байгууллагуудын чиг үүрэг, чадавх, уялдаа холбоо болон бодлогын нийцтэй байдалд гарч буй аливаа сул талуудыг тодорхойлсон байдлыг танилцуулав. Ийнхүү тодорхойлсон эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан талуудын цаашид шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд бий болгож байгаа “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийн зорилго, гарах үр дүн, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж санал солилцлоо. Тус систем нь Хүнсний үнийн мониторингийн модуль, Хүнсний хангамжийн мониторингийн модуль, Хөрөнгө оруулалтын лавлагааны сан болон Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд системийн боловсруулалт 60 орчим хувьтай явагдаж байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд бодит цагийн мэдээлэл өгөх, өгөгдөл мэдээлэлд үндэслэн нотолгоонд суурилсан шийвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сэрэмжлүүлэг өгөх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтад хүнсний баталгаат байдлын удирдлага, зохицуулалтад гол үүрэг гүйцэтгэгч ХХААХҮЯ-ны салбарын асуудал хариуцсан шинжээчид, ХНХЯ, ОБЕГ, ГЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, орон нутгийн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.